Австралийн “Viva’s Corio” газрын тос боловсруулах үйлдвэрт дөрөвдүгээр сарын 15-нд томоохон гал гарч, тус улсын шатахууны нийлүүлэлтэд эрсдэл үүсээд байна.
Дэлхий даяар эрчим хүчний зах зээл тогтворгүй байгаа энэ үед уг осол нь Австралийн дотоодын хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсгэжээ. Тус үйлдвэр нь Викториа мужийн шатахууны хэрэглээний 50 орчим хувийг, улсын хэмжээнд 10 орчим хувийг хангадаг томоохон эх үүсвэрт тооцогддог.
Гал түймрийн улмаас хүн гэмтэж бэртээгүй ч бүрэн унтраагүй хэвээр байгаа бөгөөд ойр орчмын агаарын чанарт нөлөөлж эхэлсэн байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоогүй, хэсэгчилсэн байдлаар үргэлжилж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс нисэх онгоцны түлш, дизель түлшийг хязгаарлагдмал хэмжээгээр үйлдвэрлэж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад Австралид дизель түлшний үнэ огцом өсөж, зарим бүс нутагт шатахуун түгээх станцууд хомсдолд орсон тул иргэд нөөцлөх худалдан авалт хийж эхэлжээ. Мөн нисэх онгоцны түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим авиа компани нислэгийн тоогоо бууруулах арга хэмжээ авч байна.
Австралийн Эрчим хүчний сайд Chris Bowen “Шатахууны нийлүүлэлт Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш хүнд байдалд орсон. Энэ гал түймэр тун тохиромжгүй үед тохиолоо. Нөлөөллийг тодорхойлоход хугацаа шаардагдана” гэж мэдэгдсэн байна.
Орон нутгийн гал унтраах албаны урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгаан нь тоног төхөөрөмжийн доголдол байх магадлалтай гэж үзэж байна.
“Viva’s Corio” боловсруулах үйлдвэр өдөрт ойролцоогоор 120 мянган баррель газрын тос боловсруулдаг бөгөөд 1100 гаруй ажилтантай. Гал гарах үед үйлдвэрт 50-100 орчим ажилтан байсан ч бүгдийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Скотт Вяатт “Галд шатахуун боловсруулах хоёр нэгж өртсөн, бусад хэсэг хэвийн байна. Аюулгүй байдлыг бүрэн хангаж байж үйлдвэрлэлээ үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн байна.