
Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны худалдааны хэлэлцээ хариуцсан дэд сайд хатагтай Квон Хе Жин тэргүүтэй төлөөлөгчдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: “БНСУ-ын Засгийн газар болон хувийн хэвшлүүд аль аль талдаа, Монгол Улсад чухал хэрэгтэй төслүүд хэрэгжүүлж ирсэнд талархаж явдаг” гэдгээ илэрхийлэв. Мөн Манай салбарт газрын тосны чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжсэн бол одоогоор хийн салбарын стандарт нормыг сайжруулах төсөл Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран хэрэгжүүлж байна.
Саяхан нээлтээ хийсэн Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг байгуулж, амжилттай ажиллаж байгаад бөгөөд төвийн чадавхыг бэхжүүлэхийн тулд боловсон хүчнээ сургах, стандарт хангуулах, тогтвортой ажиллахад чиглэсэн ажлуудад хоёр тал үргэлжлүүлэн анхаарч, дэмжих нь зүйтэй гэдгийг онцлов.
БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны зүгээс Монгол Улсад буцалтгүй тусламжаар байгуулсан Ховор металлын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагаанд үндэслэн, чухал ашигт малтмалын чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.
АҮЭБЯ-ны зүгээс “Чухал ашигт малтмалын жагсаалт болон ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн бэлэн болгосон тул удахгүй батлуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.
Цаашлаад “Хайгуул, олборлолт, боловсруулалт зэрэг манай салбарыг хөгжүүлэх хөшүүрэг болох олон чухал зохицуулалт орсон учраас хууль батлагдан, хэрэгжиж эхлэхэд гуравдагч хөрш орнуудтайгаа хамтран ажиллах боломж үүснэ” гэж итгэж байгаагаа мөн онцлон дурдав.
