
АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яам B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаад иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөрт /Visa Bond/ Монгол Улсыг нэмэлт 12 орны жагсаалтад оруулсан.
Үүнтэй холбогдуулан 2026 оны 3 дугаар сарын 19-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг Гадаад харилцааны яаманд дуудаж уулзав.
Уулзалтаар Монголын тал уг шийдвэр нь хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаанд хүндрэл учруулж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.
АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэв.
Мөн тус шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.