Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монголын ноос, ноолуурын холбоонд ажиллан, ноолуурын салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзан, ноолуурын салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Монголын ноос, ноолуурын холбоо, "Говь" ХК, "Кашмир Холдинг" ХХК, "Ханбогд Кашмир" ХХК, "Сноу Филдс" ХХК, "Баялаг Өлзий" ХХК, "Говь Айгар" ХХК, "Өгөөж Шим" ХХК, "Хатант Интернэшнл" ХХК, "Капрадоро Кашмир" ХХК, "Номадс Файбер" ХХК зэрэг үндэсний тэргүүлэх үйлдвэрийн төлөөллүүд оролцсон бол ХХААХҮЯ-наас Бодлого, төлөвлөлтийн газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн биржийн удирдлагууд оролцов.

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуур салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулсан бол ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогын талаар танилцуулан, түүхий эдийн чанар, малын удмын санг хамгаалах сайжруулах талаар төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулан, үйлдвэрлэгчдийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөллүүд 2026 оны ноолуур бэлтгэл, ноолуурын дуудлага худалдаа, ноолууран бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар санал дэвшүүлэн, хэлэлцлээ.

Уулзалтын дараа ХХААХҮЯ-ны төлөөллүүд Монголын ноос, ноолуурын холбооны үйл ажиллагаатай танилцан, тус холбооны дэргэдэх Текстилийн судалгааны төвд зочлов.