
Австрали улс эдийн засгийн шинэ төв бий болгох, Сиднейн агаарын тээврийн ачааллыг хуваалцах хүрээнд “Баруун Сиднейн олон улсын нисэх буудал”-ын төслийг хэрэгжүүлж байна.
2014 оноос эхлэн үргэлжилж буй уг төсөлд Австралийн Засгийн газраас нисэх буудал болон дэд бүтцэд зориулж нийт 15 тэрбум орчим австрали долларыг зарцуулаад байна.
Тус нисэх буудал нь 24 цагийн турш тасралтгүй нислэг үйлдэх боломжтойгоороо онцлог бөгөөд эхний ээлжинд жилд 10 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байх бол 2060 он гэхэд энэ тоог 80 саяд хүргэх аж.
Төслийн хүрээнд нисэх буудлыг түшиглэсэн “Аэротрополис” хэмээх шинэ хотыг төлөвлөжээ.
Ингэснээр ложистик, технологи, боловсролын салбарт олон мянган ажлын байр бий болж, Баруун Сиднейн бүс нутаг Австралийн эдийн засгийн гурав дахь томоохон төв болон хөгжих стратегийн ач холбогдолтой юм.
Төслийг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж.