БНХАУ нь 50,000 орчим км урттай өндөр хурдны төмөр замын сүлжээг байгуулж, дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний ойролцоогоор 70 хувийг дангаараа бүрдүүлээд байна.
Тус улсын 500 мянгаас дээш хүн амтай хотуудын 97 хувь нь уг сүлжээнд холбогдсон бөгөөд галт тэрэгний дээд хурд 350 км/цагт хүрдэг. Үүний үр дүнд Бээжин-Шанхай чиглэлийн 1,300 гаруй км зайг ердөө 4-5 цагийн дотор туулах боломж бүрдэж, зорчигч тээврийн хугацааг эрс богиносгожээ.
Уг дэд бүтцийн сүлжээг байгуулахын тулд Хятад улс санхүүгийн асар их нөөц бололцоог дайчилсан бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд төмөр замын салбарт жил бүр дунджаар 100-120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж ирсэн байна.
2024 оны байдлаар “China Railway” корпорацын нийт хуримтлагдсан өр 870 орчим тэрбум ам.долларт хүрсэн ч өндөр хурдны төмөр зам нь улс орны эдийн засгийн интеграцыг бэхжүүлж, ложистикийн зардлыг бууруулах замаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих чухал дэд бүтэц болжээ.
Түүнчлэн Бээжин-Шанхай зэрэг зорчигч урсгал ихтэй чиглэлүүд аль хэдийн үйл ажиллагааны зардлаа нөхөж, цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн нь уг төслийн урт хугацааны эдийн засгийн өгөөжийг баталж буйг албаныхан онцолж байна.