
Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолоор 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий уг шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Эрүүл мэндийг дэмжих жил - 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.
Уг арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд, эмч ажилтны саналыг тусгах зорилгоор ЭМЯ-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дэх эрүүл мэндийн салбарын хөгжлийн зорилтуудтай уялдуулсан гэдгийг танилцуулав.
Хүн амын дунд амьдралын хэв маягаас шалтгаалсан халдварт бус өвчин буюу урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн эмчлэх боломжтой өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал зүрх судас, шээс бэлэгсийн тогтолцоо, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэн тогтоолцооны эмгэгүүд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад сэргийлж болох нас баралт их буюу 4 төрлийн халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин) - ий улмаас 30-70 насанд эндэх магадлал 26.3 байгаа нь дэлхийн дундаж (17.8)-аас 8.5-аар өндөр байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 2014-2024 оны байдлаар 10 нас баралт тутмын 7 нь эмнэлгийн бус нас баралт байсан бөгөөд энэ нь олон улсын дунджаас мөн л өндөр байна.
Үндэсний хэмжээнд 5 жил тутам хийгддэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар хүн амын дундах тамхины хэрэглээ 24.2 хувь, өөх тосны хэрэглээ 87,2 хувь, давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөмж буй хэмжээнээс 2 дахин өндөр буюу 10,5 гр, илүүдэл жинтэй хүн амын эзлэх хувь 30.9, хүн амын 18,5 хувь таргалалттай гарсан.
Өөрөөр хэлбэл, хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, зан үйл хэвшээгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг эдгээр судалгааны дүн харуулж байгаа юм.
Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл чанартай насжилтыг нэмэгдүүлэх, сэргийлж болох өвчнөөр нэг ч иргэнээ алдахгүй байх, нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд түлхүү анхаарч буйг ажлын хэсгээс онцлон хэлэв.