
Испанийн Барселона хотод 19 дүгээр зуунд шав нь тавигдсан Саграда Фамилиа сүмийн хамгийн өндөр байгууламж болох 172.5 метр өндөр төв цамхагийн барилгын ажил дуусжээ.
Сүмийн ерөнхий загварыг архитектор Антони Гауди боловсруулж, байгалийн хэлбэр, бүтцийн зүй тогтолд тулгуурласан геометрийн нарийн тооцооллыг ашигласан нь архитектурын шинэлэг шийдэлд тооцогддог байна.
Гэвч тухайн үеийн техник, технологийн боломж хязгаарлагдмал байсан нь барилгын ажлыг удаашруулж, хэрэгжилтийг 144 жилийн турш үргэлжлэхэд нөлөөлсөн байна.
Сүүлийн жилүүдэд 3D загварчлал, 3D хэвлэл, тоон удирдлагатай тоног төхөөрөмж (CNC), урьдчилан хүчитгэсэн чулуун хийцийн технологийг нэвтрүүлснээр нарийн төвөгтэй бүтээцүүдийг өндөр нарийвчлалтайгаар үйлдвэрлэж, угсрах боломж бүрджээ.
Дашрамд дурдахад, уг төсөл нь олон нийтийн хандив, жуулчдын тасалбарын орлогоор санхүүжиж иржээ.