
“Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн системийн хөгжүүлэлт болон хэрэглээ” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2026 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд Дундговь, Өвөрхангай, Ховд, Дархан-Уул, Дорнод аймгуудад тус тус амжилттай зохион байгуулав.
Тус сургалт нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Техник туслалцааны төсөл (TA10099-МОН)-ийн хүрээнд хөгжүүлэн бэлтгэсэн “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, системийг практикт хэрхэн ашиглах арга зүйг эзэмшүүлэх зорилготой.
Тус систем нь:
a) Хүнсний хангамжийн мониторинг;
b) Хөрөнгө оруулалтын мониторинг;
c) Хүнсний үнийн мониторинг;
d) Хүнсний аюулгүй байдал гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд хэрэглэгчдэд бодит цагийн мэдээлэл өгөх, өгөгдөл мэдээлэлд үндэслэн нотолгоонд суурилсан шийвэр гаргахад дэмжлэг үзүүлэх мөн урьдчилан таамаглах мэдээлэл сэрэмжлүүлэг өгөх зэрэг зорилтыг агуулсан анх удаа хийгдэж байгаа систем юм. Хүнсний баталгаат бус байдлын эрсдлийн удирдлагын энэхүү системийг ашиглах нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа ялангуяа мэдээлэл солилцоо болон эрсдлийн менежментийн удирдлага сайжруулах үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Сургалтад нийт 169 албан хаагч хамрагдсан ба аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, статистикийн газар, хүнс хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн алба, салбарын хяналтын алба зэрэг хүнсний баталгаат байдлын эрсдлийн менежментэд оролцогч гол байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Бүсчилсэн сургалтыг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газар болон АХБ-ны Техник туслалцааны “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем байгуулах” төслийн баг хамтран зохион байгууллаа.
