Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-02-10
Фалкиркийн хүрд усан онгоцыг 5 минутын дотор өөр түвшинд шилжүүлдэг

Шотландын Форт-Клайд болон Юнион сувгуудыг холбосон 11 шатлалт усан хаалтаар хөлөг онгоцууд бүтэн өдрийн турш дамжин нэвтэрдэг байсан түүхэн цаг үе Фалкиркийн хүрд ашиглалтад орсноор эцэс болжээ.

Өдгөө уг инженерийн шийдэл нь усан онгоцыг таван минутын дотор өөр түвшинд шилжүүлдэг байна.

Эртний Кельтүүдийн хоёр талдаа иртэй сүхийг санагдуулам хэлбэртэй, 35 метрийн өндөртэй уг байгууламж нь Архимедын хуулийг инженерчлэлд төгс ашигласан жишээгээр нэрлэгддэг.

Тодруулбал, хөлөг онгоц зөөвөрлөх тэвшинд ороход онгоцны жинтэй тэнцүү хэмжээний усыг түрж гаргадаг тул хүрдний хоёр гар үргэлж ижил жинтэй, тэнцвэртэй байдаг бөгөөд 600 тонн жинтэй хоёр бүхээгийг эргүүлэхэд ердөө 1.5 кВт.цаг эрчим хүч зарцуулдаг байна. 

Хүрд эргэх явцад зорчигчид ямар нэгэн хазайлт, савлагаа мэдэрдэггүй нь төв тэнхлэгийг тойрсон араат дугуйнуудын нарийн механизмтай холбоотой.

Эдгээр араанууд нь хөлөг онгоц тээвэрлэж буй тэвшнүүдийг газрын гадаргуутай параллель, тэгш хэмд барьж байдаг.

Нийт 1,200 гаруй тонн ган материал, 15 мянган боолтоос бүрдэх Фалкиркийн хүрд нь өдгөө Шотландын бэлгэ тэмдэг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татах инженерийн бүтээл болон үнэлэгддэг байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ