Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-01-26
"Гурван хавцал" усны масс дэлхийн инерцийн моментод өөрчлөлт оруулжээ

Хүн төрөлхтний бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн цар хүрээ тэлэхийн хэрээр байгаль орчин, дэлхийн экологийн системд үзүүлэх нөлөөлөл нь улам бүр нэмэгдсээр байна.

Үүний нэг тод жишээ бол БНХАУ-ын Хубэй мужид Хөх мөрөн дээгүүр сүндэрлэх, дэлхийн хамгийн том усан цахилгаан станц "Гурван хавцал" юм.

Азийн хамгийн том голуудын нэгийг хааж, эрчим хүчний асар их хэрэгцээг хангах санаачилга анх 1919 онд гарч, Хятадын Засгийн газар 1994 онд төслийн ажлыг эхлүүлжээ. Тухайн үед эрчимтэй хөгжиж байсан аж үйлдвэр, шинэ хот, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах цахилгаан эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй аргаар шийдвэрлэх, мөн борооны улиралд Хөх мөрөн хальж ойр орчмын бүс нутагт учруулдаг үерийн аюулаас иргэдийг хамгаалах нь уг төслийн үндсэн зорилго байв.

Гэвч 28.5 тэрбум ам.долларын өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн технологиор боссон энэхүү аварга байгууламж хүлээгдэж байсан үр ашгаа өгсөн ч нөгөө талаас экологи болон хүн ам зүйн ноцтой асуудлуудыг дагуулсан байна.

- Далангийн усан сангийн түвшин 175 метрт хүрч нэмэгдсэнээр гурван том хот, 140 орчим суурин газар, 1680 тосгон үерийн бүсэд оржээ. Үүний улмаас 1.3 сая гаруй хүнийг төрөлх нутгаас нь албадан нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарсан байна.
- Уулархаг бүсэд байрлах уг байгууламжид хуримтлагдсан 39 их наяд килограмм усны асар их жин манай гарагийн тектоникийн тэнцвэрт нөлөөлж эхэлжээ. Үүнээс үүдэн тус бүс нутагт газар хөдлөлтийн давтамж огцом нэмэгдэж, хөрсний гулсалт үүсэх аюултай нөхцөл бүрдсэн байна.
- Далан дахь асар их хэмжээний усны масс дэлхийн инерцийн моментэд өөрчлөлт оруулснаар манай гарагийн өөрийн тэнхлэгээ тойрон эргэх хурд 0.06 микросекундээр удааширсан байна. Энэ нь хүн төрөлхтний зохиомол байгууламж дэлхийн физик шинж чанарт хэмжигдэхүйц нөлөө үзүүлж буй анхны тохиолдлуудын нэг болжээ.

"Гурван хавцал" төсөл нь Хятад улсын эрчим хүчний хараат бус байдалд томоохон хувь нэмэр оруулсан хэдий ч байгалийн тэнцвэрийг өөрчлөх нь эргээд ямар их эрсдэл, өртөг дагуулдгийг хүн төрөлхтөнд сануулсан сургамж болжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ