Киргиз улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд анхны нарны цахилгаан станцыг Иссык-Куль мужийн Тору-Айгыр тосгоны ойролцоо ашиглалтад орууллаа.
Уг станц нь 100 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд 210 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх аж.
Төслийг Киргизийн “Solar Energy” компани гадаадын хөрөнгө оруулагчдын 56 сая ам.долларын санхүүжилтээр, 12 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.
Төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр Хятадын эрчим хүчний салбарын тэргүүлэгч корпорациудын нэг болох "China Power International Development"-ийн түншлэл ажилласан нь бүс нутгийн "Ногоон Торгоны зам" санаачилгын хүрээнд хийгдэж буй технологийн томоохон хөрөнгө оруулалт болжээ.
Шинэ станц ашиглалтад орсноор Иссык-Куль мужийн айл өрхийн хэрэглээг буюу 300,000 гаруй иргэнийг экологийн цэвэр эрчим хүчээр хангах юм.
Уг станц нь уламжлалт дулааны эх үүсвэрүүдийг орлох замаар жил бүр 120 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах тооцоо гарчээ.
Энэ нь Киргиз улсын ногоон хөгжлийн бодлого болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудтай нийцэж байгаа аж.