Шинэ жилийн баярын үеэр амжилттай хэрэгжсэн шийдлүүд нь хот байгуулалтын төслийг эхлүүлэх, бүтээн байгуулалтыг хөдөлгөх түлхүүр болсоор иржээ.
Европод 16-р зуунаас мөнх ногоон гацуурыг байгалийн бэлгэдэл хэмээн дээдэлж, алим, самар, лаа зэргээр чимдэг байжээ.
Гэвч 1847 онд Герман улсад алимны ургац муудсанаар Лауша тосгоны шил урлаачид алимтай ижил хэлбэртэй шилэн бөөрөнцөг хийсэн нь өнөөгийн бидний мэдэх чимэглэл үүсэх шалтгаан болсон байна.
1923 онд АНУ-ын Цагаан ордны өмнөх талбайд 2500 ширхэг гэрлээр чимэглэсэн гацуурыг зассан байна.
Тухайн үед цахилгаан эрчим хүчийг аюултайд тооцдог байсан бол ерөнхийлөгч өөрийн биеэр унтраалга дарснаар "Цахилгаан бол аюулгүй" гэх итгэлийг улс орон даяар түгээж, Америкийн хотуудыг цахилгаан эрчим хүчээр хангах үндэсний хэмжээний мега төслийн хамгийн том сурталчилгаа болсон түүхтэй аж.
Энэхүү бодлого 1929 оноос улам гүнзгийрч, муж бүрээс шилдэг модыг ирүүлж, гацуур мод засдаг болсон нь төрийн ордныг хаалттай биш, харин үндэсний нэгдмэл байдлын бэлгэдэл, олон нийтэд нээлттэй нийтийн орон зай болгон өөрчлөх менежментийн томоохон алхам байлаа.
1954 онд Лондон хотын алдарт Рэжэнт гудамжинд баярын засал стратегийн төлөвлөлт болон хувирсан юм.
Дайны дараах саарал өдрүүдэд гудамжийг иж бүрэн гэрлээр чимэглэсэн нь шөнийн хөдөлгөөн, худалдаа, аялал жуулчлалыг идэвхжүүлэх эдийн засгийн хүчтэй хөшүүрэг болов.
Үүний үр дүнд хотын гэрэлтүүлгийг тээвэр, зам, нийтийн орон зайтай уялдуулан төлөвлөх урт хугацааны мастер төлөвлөгөө батлагдаж, баярын чимэглэл нь дэд бүтцийн төсөл болон өргөжсөн түүхтэй аж.