"Купан" компанийн 33.7 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг мэдэгдлээ.
"Купан"-ы мэдээлснээр овог нэр, и-мэйл хаяг, хүргэлтийн хаяг, хүргэлтийн утасны дугаар, захиалгын мэдээлэл зэрэг алдагдсан байна.
Харин төлбөрийн мэдээлэл, кредит картын дугаар, нууц үг зэрэг нь алдагдаагүй болохыг компанийн зүгээс онцоллоо.
"Купан" компаниас “Одоогийн байдлаар хийсэн шалгалтаар гадаад серверээр дамжуулан энэ оны 6-р сарын 24-нөөс эхлэн хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байх магадлалтай” гэж мэдэгдлээ.
Мөн “Одоогоор зөвшөөрөлгүй нэвтрэх сувгийг хааж, дотоодын мониторингийг бэхжүүлсэн” гэв.
Түүнчлэн "Купан" нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж, мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллага болон зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа нэмж мэдэгдлээ.