
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) -ын хамтарсан багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцов.
Энэхүү уулзалтаар Монгол Улсад жилээс жилд өсөн нэмэгдэж буй ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлыг урьдчилан тооцоолж, эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээлэх тогтолцооны үндэсний чадавхын үнэлгээний талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Ус цаг уур, Хөдөө аж ахуйн цаг уурын албадын чадавхын нарийвчилсан үнэлгээг хийж, ган, зуд, үер, шуурга, ой хээрийн түймэр зэрэг аюулт үзэгдлийн эрсдэл, нөлөөллийн эрт сэрэмжлүүлэх чадавхыг салбар дундын нягт уялдаатайгаар хангахад хиймэл оюун, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж, бодит хэрэгцээг тодорхойлох асуудлаар санал солилцов.