Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-11-30
 Д.Уянга:  Эцэг эхчүүдийн 50 хувь нь хүүхдийнх нь сонсгол буурсныг мэддэггүй

Монгол улсад нийт иргэдийн дунд сонсголын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ 1993 оноос хойш хийгдээгүй. Товчхондоо манай улсад нийт иргэдийн дунд хийгдсэн сонсголын мэдээлэл байхгүй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд иргэд чих нь өвдсөн үед л эмнэлэгт хандаж, Улаанбаатар хотын төрөх эмнэлгүүд хүүхдүүдэд сонсголын шинжилгээ хийж иржээ.

Гэтэл өнгөрсөн хугацаанд иргэдийн дундах сонсгол бууралт нэмэгдэж, орчны нөлөөтэй дунд чихний үрэвсэлт өвчин нэмэгдсээр байна. Тэгвэл 2024-2025 онуудад үндэсний хэмжээний гэж хэлж болохуйц дата мэдээлэлтэй болжээ. Тодруулбал БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Койка) ,Рафаэл интернешнл, Монголын Чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг эрт илрүүлэх төсөл” хэрэгжсэн юм.

Энэ төслийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 3100 хүүхдэд шинжилгээ хийхэд 380 хүүхэд сонсголын өөрчлөлттэй гэж оношлогдсоноос 90 гаруй хүүхэд хагалгаа шаардлагатай гэсэн дүн мэдээ гарчээ. Энэ бол манай улсын эрүүл мэндийн салбар иргэдийнхээ сонсголд анхаарал хандуулах ёстойг харуулсан тоо.

Сурагчдын эрт илрүүлгийн төслийн координатор эмч Д.Уянга хэлэхдээ “ Шинжилгээ хийх явцад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сонсгол буурсаныг огт мэдээгүй гэж 50 орчим хувь нь хэлсэн. Энэ бол маш харамсалтай. Жишээлбэл нэгэн сургуульд шинжилгээ хийх үед хоёрдугаар ангийн нэг хүү байсан. Багш нь тэр хүүг дүлий гэж хэлсэн ч шинжилгээгээр чих нь хулхиар дүүрээд, тэр нь хатчихсан байсан. Хулхийг нь цэвэрлээд шалгахад тэр хүү хэвийн сонсголтой байсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ сонсголд анхаарч, жилдээ нэг шинжилгээнд орж байх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.

Хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгааны дата мэдээллийг ЭМЯ болон холбогдох газруудад хүлээлгэж өгнө. Дээрхи эрх бүхий байгууллагууд цаашид хүүхдийн сонсгол бууралтын эсрэг бодлогын арга хэмжээ тодорхойлж ажиллах учиртай. Мөн төслийн мэдээллээ эмхэтгэсний дараа олон улсын хоёр сэтгүүлд өгүүлэл, дотоодын хоёр сэтгүүлд илтгэл нийтлүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.

Энэ төслийн бас нэг давуу тал нь  Монголын чих хамар хоолойн эмч нар олон улсын хуралд оролцохдоо хэлэх тоо баримттай болж байгаа явдал. Гэхдээ үүгээр зогсохгүй цаашид сонсгол бууралтын шинжилгээг хөдөөний иргэдэд түүврээр хийж нэгтгэж мэдээлэлтэй болох шаардлага байгааг хэлж байлаа.

Сонсгол буурна гэдэг хүүхдийн сурах чадвар, бусадтай харилцах, өөртөө итгэх итгэл гээд маш олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүүхдийн сонсголыг эрт үед нь илрүүлж, мөн түүнээс урьдчилан сэргийлэх ажил хийх нь нэн чухал байгааг онцоллоо. Та ч бас хүүхдээ нэг сонсоод сонсголыг нь шалгуулж үзээрэй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ