Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суугаа Ерөнхий консул Руслан Амирович Зайнутдинов, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөдөө аж ахуй, хүнс, барилга, авто замын машин үйлдвэрлэлийн газрын орлогч дарга Илья Леонидович болон тус улсын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын төлөөллийг 2025.11.13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
Харин ОХУ-ын төлөөлөгчид “Мельинвест”, “Сальсксельмаш”, “Пегас-Агро”, “Варгашинский завод ППСО” зэрэг компаниудын үйл ажиллагаа болон Монгол Улсад үр тарианы аж ахуйг хөгжүүлэх, өндөр технологийн хөдөө аж ахуйн техник нэвтрүүлэх, хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Түүнчлэн мал аж ахуйн фермүүдийг холимог тэжээлийн үйлдвэрлэлд шилжүүлэх, гал түймэрт өртөх эрсдэлтэй бүс нутагт техникийн туршилтын ажил зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжит механизмыг танилцуулсан юм.
Уулзалтад мөн Хөдөө аж ахуйн корпорацын захирал Б.Цогтсаран, Монголын дилерүүдийн холбооны тэргүүн Э.Энхтөр, дилер компаниудын төлөөлөгчид оролцож, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо.