Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот ундны усны найдвартай эх үүсвэрийг бий болгох, тогтвортой байдлыг хангах зорилгоор “Hassyan Desalination Plant” төслийг хэрэгжүүлж байна.
Тус үйлдвэр нь далайн усыг ундны ус болгон цэвэршүүлэх бөгөөд хамгийн орчин үеийн технологи болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан, дэлхийд хамгийн том давсгүйжүүлэх байгууламжийн нэг болох юм.
Dubai Electricity and Water Authority (DEWA), ACWA Power болон Veolia компанийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2026 онд туршилтаа эхлүүлж, 2027 онд бүрэн хүчин чадлаар ажиллах гэнэ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 3.37 тэрбум дирхам буюу ойролцоогоор 920 сая ам.доллар бөгөөд дэлхийн усны инженерийн салбарын хамгийн том хамтын ажиллагааны нэгд тооцогдож байгаа аж.
“Hassyan Desalination Plant” өдөр бүр 818 мянган куб метр далайн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай байх бөгөөд энэ нь Дубайн хоёр сая гаруй оршин суугчийг ундны усаар хангах боломжийг бүрдүүлнэ. Үйлдвэр нь нэг куб метр ус цэвэршүүлэхэд дунджаар 2.9 киловатт цаг эрчим хүч зарцуулах ба эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах юм байна.
Төсөл хэрэгжсэнээр Дубай хот ундны усны хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлж, усны хомсдолын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, ногоон технологийг дэд бүтцийн хөгжилд нэвтрүүлнэ.
Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират улс сэргээгдэх эрчим хүч, усны менежментийн инновацийн чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгч байр сууриа бататгаж байгаа аж.