Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
7 цаг 16 мин
СКАЛА төслийн удирдах хороо хуралдлаа

Монгол Улс 2021 оноос хэрэгжиж буй СКАЛА төсөл тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежментийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шийдлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.

ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилгын дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН), Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-ний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” (СКАЛА) төслийн Удирдах хорооны хурал 2025.11.04-ний өдөр боллоо.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, “СКАЛА төслийн баг өнгөрсөн хугацаанд Монгол Улсад уур амьсгалын эрсдэлийг бууруулах, түүнд дасан зохицсон хөдөө аж ахуйн шийдлийг нутагшуулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Төслийн хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний дүн, ололт амжилтаа Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан (СОР17)-д танилцуулах чигтэй байгаа. Нөгөө талаар Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил" болгон зарласантай холбогдуулан хийгдэх ажлууд СКАЛА төслөөс гарсан баримт бичгүүдэд түшиглэх нь үр дүнтэй гэж бодож байна. Энэхүү хурлаар оролцогч талууд төслийн хэрэгжилтийг дүгнэн бататгаж, дараагийн шатны төлөвлөлтөөр дамжуулан бодит хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм. 

Удирдах хорооны энэ удаагийн хурлаар СКАЛА төслийн өнгөрсөн хугацааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, 2025-2027 оны үйл ажиллагаа,  ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Хуралд  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чинюнь Дяо болон Монгол Улсын төр, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ