Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-10-29
Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхийн өнцөг булан бүрт тархины харвалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгддэг.

Тархины харвалт нь нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм.

Энэ жилийн тухайд “Минут бүр амь насны үнэтэй. Өнөөдөр тархины харвалтын шинжийг таньж суръя, маргааш хэн нэгний амь насыг аваръя” урианд дор явагдаж байна.

Харвалт нь тархины тодорхой хэсэгт цусны урсгал саатах үед үүсдэг бөгөөд энэ нь тархины судас бөглөрөх эсвэл гэнэт хагарсаны улмаас үүсдэг. Энэ тохиолдолд мэдрэлийн эсүүд хэдхэн минутын дотор үхэж эхэлдэг. Иймээс “хурд бол бүх зүйл” гэж хэлж болно.

Тархины харвалтын хоёр үндсэн төрөл байдаг. Үүнд:

1. Тархины цус тасалдах харвалт – цус бүлэгнэх, судас бөглөрөх зэрэг шалтгаантай.

2. Тархины эдийн цус харвалт – тархины судас хагарсантай холбоотой тархинд цус алдсантай холбоотой үүснэ. Тархины цус тасалдах дайрал харвалтын нэг төрөл бөгөөд өөрөөр жижиг харвалт ч гэж нэрлэгддэг. Энэ нь хөнгөн мэт боловч голчлон том хэмжээний харвалтын дохио шинж болон илэрдэг.

2025 онд дэлхий даяар харвалтын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа бага ба дунд орлоготой улс орнуудад илүү нэмэгдэж байна:

● Дэлхий дахинд 2 секунд тутамд нэг хүн тархины харвалтанд өртдөг.

● 6 секунд тутамд нэг хүн тархины харвалтын улмаас нас барж байна.

● 25 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид нэг удаа тархины харвалтаар өвчилж буй.

Харвалт зөвхөн өндөр настнуудад төдийгүй залуу хүмүүст ч тохиолддог, зарим тохиолдолд 30, бүр 20 насныханд хүртэл тохиолдож байна.

Гэхдээ тархины харвалтын 90 хүртэлх хувийг урьдчилан сэргийлж болно. Амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, цаг тухайд нь арга хэмжээ авч чадвал бид олон хүний амийг аварч чадна. Тархины харвалтын шинж тэмдгийг таньж мэдэх нь амь насыг аврах, насан туршийн хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх боломжийг олгодог. Тиймээс эрүүл мэндийн мэргэжилтнүүд F.A.S.T. гэсэн үнэлгээг ашигладаг.

● F – Face (нүүр): Тухайн хүнээс инээмсэглээрэй гэж асууна. Нүүрний нэг тал

муруйсан уу?

● A – Arms (Гар): Хоёр гараа дээш өргөж чадах уу? Аль нэг гар доош унжиж байна

уу?

● S – Speech (Хэл яриа): Хэл яриа дультарч, ойлгомжгүй байна уу?

● T – Time (Цаг хугацаа): Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг илэрвсэл яаралтай түргэн тусламж дуудах цаг болсон гэсэн үг.

Эдгээр шинж тэмдэг илэрвэл бүү хүлээ, шинж тэмдгийг Google-ээс бүү хай, машин бүү жолоод. Яаралтай түргэн тусламж шууд дуудаарай. Тархины харвалтын үед цаг алдалгүй эмчилгээг эхлүүлэхгүй бол тархины эсүүд гэмтэж, устдаг учир минут бүр үнэтэй.

Харвалтын эрсдэлийг бууруулах 5 энгийн алхам:

1. Артерийн даралтаа хянах – Артерийн даралт их байх нь харвалтын нэгдүгээрт орох шалтгаан юм.

2. Эрүүл зөв хооллох – Давс, сахар, ханасан өөх тосны хэрэглээг багасгах.

3. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх – Өдөрт ердөө 30 минут л дасгал хөдөлөөн хийхэд ч үр дүнтэй.

4. Тамхинаас гарах – Тамхи татах нь харвалтын эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг.

5. Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах

Мөн чихрийн шижин, цусан дахь өөх тос их байх, тосгуурын жирвэгнээ болон бусад зүрх судасны эмгэгүүд оношлогдож байсан бол тэдгээрийг зөв хянах зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ та тархины харвалтанд өртөж, давж гарсан хүмүүсийг дэмжиж, тусламж үзүүлж байгаа бол эдгээр зүйлсийг санаарай: эмчилгээ болон өөрсдийн хичээл зүтгэлээр эргэн сэргэх боломжтой. Олон хүн тархины харвалтын дараа бие даасан байдалдаа эргэж орж, бүр амжилттайгаар амьдарч байгаа тохиолдлууд байгаа. Бид тархины харвалтанд өртөж аврагдсан хүмүүс болон тэдгээрт тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнуудын зүтгэл болон нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд нэгдэж чаддаг эрүүл мэндийн байгууллагуудын хичээл зүтгэлийг хүндэтгэн дурдах ёстой юм.

Тархины харвалтын шинж тэмдгийг мэдэж, эрсдлийг үнэлж сурч, мэдээллийг бусаддаа түгээе. Мөн тархины харвалттай холбоотой “Минут секунд бүр амь насны үнэ цэнэтэй” гэдгийг санаж яваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл world-stroke.org сайтнаас мэдээлэл авах, мөн харъяа эрүүл мэндийн байгууллагад хандаж болно.

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ