
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүс (НДББ)-ийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Бэлгийн замаар дамжих халдварыг устгах цогц стратеги” сэдэвт ахисан түвшний сургалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуангжоу хотноо 2025 оны аравдугаар сарын 25-31-ний хооронд зохион байгуулагдаж байна.
Олон улсын ахисан түвшний сургалтаар ДЭМБ-ын НДББ-ийн улс орнуудын оролцогчид БЗДХ, ДОХ, ХДХВ-ийг илрүүлэх, оношлох, эмнэлзүйн менежментийн чиглэлээр хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх ололт амжилт, сургамж болон тулгамдсан асуудлаа хэлэлцэн, мэдлэг туршлагаа солилцож байгаа юм.
Сургалтад бүсийн 13 орны 39 мэргэжилтэн оролцож байна.
Тус сургалтад Монгол Улсаас ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Ундрал, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны хяналт үнэлгээ, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Хулан, ДЭМБ-ын Халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа нар хамрагдаж байна.