Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног” аяны хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” сэдэвт Талуудын уулзалт өчигдөр боллоо.
Уузалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал, асуудал, боломж, хамтын шийдэл, түншлэлийг бэхжүүлэх, Газрын нэгдсэн менежмент-Мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, экспортын боломж, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон Улсын жил-2026”-г угтсан бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар ярилцлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил" болгон зарласан. Олон улсын жилийн арга хэмжээг НҮБ-ын хүрээнд ХХААБ гол зохицуулагчаар ажиллаж байна. Олон улсын жилийн удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий удирдах хороог НҮБ-ын ХХААБ-ын төв оффист түшиглэн байгуулж, манай улсын санаачлагыг дэмжсэн улс орнуудын болон төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүтэйгээр ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын Мал амьтны эрүүл мэнд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл асуудал хариуцсан газрын бүтцэд олон улсын жилийг хариуцсан орон тооны албан хаагчид ажиллуулан хамтран ажиллаж байгаад талархалтай байна. Монгол Улс нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн цөөхөн улсуудын нэг болохын хувьд төрийн бодлогодоо уламжлалт мал аж ахуйг орчин цагийн технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах чиглэлийг тусган ажиллаж байна. Цаашдын бодлогын үндсэн чиглэл нь уламжлалт мал аж ахуйг голлон хөгжүүлэх байх болно” хэмээн онцоллоо.
Энэ үеэр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн зөвлөх В.Энхболд “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон Улсын жил - Монгол Улсын Засгийн газрын баримтлах зарчим” сэдвээр илтгэл тавьсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Мөнхнасан Олон улсын жилийг угтан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.