
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал хамгааллын газрын захиалгаар хэрэгжүүлж буй “Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандарт (ISPM)-ыг орчуулах, нутагшуулах” ХХААХҮЯ/20250203038 тоот гэрээний багц-3 ажлын хүрээнд батлагдсан таван стандартыг оролцогч талуудад танилцуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтаар олон улсын стандартыг оролцогч талуудад танилцуулж, агуулга, ач холбогдол, хэрэгжилтийн үр нөлөөг ойлгуулах, нутагшуулах, цаашид хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг мэдээлэл олгохыг зорьсон. Энэ үеэр Олон улсын ургамал хамгаалах конвенц (ОУУХК) болон түүний хүрээнд боловсруулагдсан Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандартуудын (УЭААХОУС) зорилго, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дараах таван стандартын танилцуулгыг хийв. Үүнд:
- УЭААХОУС 6: Тандан судалгаа
- УЭААХОУС 8: Бүс нутгийн хөнөөлт организмын төлөв байдлыг тодорхойлох
- УЭААХОУС 14: Хөнөөлт организмын эрсдэлийн удирдлагын системийн аргачлалд цогц арга хэмжээг ашиглах удирдамж
- УЭААХОУС 15: Олон улсын худалдаанд хэрэглэж буй савлагааны модон материалын зохицуулалт
- УЭААХОУС 28: Зохицуулалттай хөнөөлт организмын ургамлын эрүүл ахуйн ариутгал/эмчилгээ
Сургалтын явцад дээрх стандартуудын хэрэгжилтийн практик арга зам, оролцогч талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг чухалчлах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Салбарын хяналтын газар, Ургамал хамгааллын газрын мэргэжилтнүүд, төвийн бүсийн аймгуудын ерөнхий агрономичид, Гаалийн ургамлын хорио цээрийн байцаагчид, судлаач, шинжээчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.