Монгол Улсад 55 -аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй нийт 406,306 хүн амьдарч байна.
Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь, 2050 онд 16 хувь болж өсөхөөр тооцоололтой байна.
Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар 60 ба түүнээс дээш насныхан хүн амын 9.7 хувь, 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болохоор мэргэжлийнхэн тооцжээ.
Энэ тохиолдолд “Хүн амын хөгшин насны бүтэц”-тэй улс орны тоонд орохоор байна.
Насжилтын энэ хандлага нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоонд илүү их ачаалал учруулах учир дэлхийн бүх улс орон эрүүл чанартай насжилтад анхаарал хандуулж байна.
Монгол улсад Насжилт, настны эмгэг, настны эрүүл мэнд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг Геронтологийн төвийн шинэ байрыг 2025 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр ахмадуудад хүргэдэг сэргээн засах тусламж үйлчилгээ, хүртээмж эрс сайжрах юм.
Монгол Улсын хувьд эрүүл насжилтыг дэмжих үндэсний бодлого, хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Гэсэн хэдий ч үндэсний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх стратегийг тодорхойлох хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.
Өнгөрсөн онд дундаж наслалт 71,89 болж сүүлийн 50 жилийн хугацаанд 6,3 жилээр нэмэгдсэн сайн үзүүлэлт гарсан. Гэсэн хэдий ч монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ 9,2 жилээр бага насалдаг үзүүлэлттэй хэвээр байна.
Манай ахмадуудын хувьд нас ахих тусам бусдын хараат байдалд орох нь нэмэгдэж байгаа тухай судалгааны дүгнэлт гарчээ.
Мөн 60-69 насны 85 хувь, 80 болон түүнээс дээш насны 38 хувь нь бие даасан байдлаа хадгалж чадсан байна. Танин мэдэхүйн чадвар алдагдал түгээмэл байсан бөгөөд 5 хувь нь хүнд хэлбэрийн танин мэдэхүйн чадвар бууралттай байна.
Ахмадуудыгаа эмэнд дугаарладаггүй, өвдсөн цагтаа санхүүгийн дарамтад орохгүйгээр эрүүлжиж, сувилалд тэнхрэх нөхцөлөөр төр хангаад байна.
Сэргээн засах тусламж үйлчилгээг Геронтологийн төв тогтмол үзүүлж байгаа ба цаашид хүртээмжтэй байдалд илүү их анхаарч, өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрэхийн төлөө ажиллана гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдлээ.