Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-09-30
Ховдод цагаан будаа туршилтаар тариалсан мэргэжилтнүүдийг шагнажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сараас Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд цагаан будааны туршилтын тариалалт хийсэн билээ.

Туршилтын талбайгаас нэг га-гаас дунджаар 6-8 тонн цагаан будаа хураан авах тооцоотой бөгөөд эхний ургацаа амжилттай хураан авчээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү, тус төвийн судлаач Ан Хе Мин нарыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын тушаалаар салбарын шагналаар шагнасан юм.

Шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулах үеэр “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү “Бидний туршилтын тариалалт амжилттай болсон тул өнөөдөр төв байгууллагаас бидэнтэй холбогдож, ирэх жилээс төслийг шууд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Туршилтын тариалалтын явцад биднийг бүх талаар бодлогоор дэмжин, хамтран ажилласан ХХААХҮЯ-ны хамт олонд талархал илэрхийлье. Цагаан будаа тариалалтыг үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжүүлж, бааз суурийг нь бэхжүүлэхэд онцгойлон анхаарах болно” хэмээн онцлов.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Цагаан будааны туршилтын тариалалт амжилттай болсонд талархал илэрхийлье. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгах хэрэгтэй. Үр дүнг нь хамтдаа хүртэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Монгол Улсад цагаан будааны тариалалтыг хөгжүүлэхэд ХХААХҮЯ бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно” гэдгийг тодотголоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ