БНСУ-ын Бусан хотын дүүргийн шүүх 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр 60 жилийн өмнө хүчингийн хэргийн хохирогч болж, гэм буруутайд тооцогдон ял авсан Чхве Мал Жаг цагаатгасан шийдвэр гаргалаа.
Тус хэрэг 1964 оны тавдугаар сард Гёнсан мужийн Кимхэ хотод гарч байсан бөгөөд тухайн үед 18 настай байсан Чхве Мал Жаг 21 настай эрэгтэй хүчиндэхийг завджээ.
Халдагч эр түүнийг газар унагаан, хэлээ аманд нь хийж, хүч хэрэглэсэн тул бүсгүй өөрийгөө хамгаалан хэлнийх нь 1.5 см хэсгийг хазаж тасалжээ.
Чхве хэргээ шүүхэд мэдүүлсэн ч, тухайн үед шүүх өөрийг нь "хүнд гэмтэл санаатай учруулсан" гэх үндэслэлээр 10 сарын хорих ял оноож, харин халдагчийг "хууль бусаар бусдын эзэмшилд нэвтэрсэн, айлган сүрдүүлсэн" гэх үндэслэлээр 6 сарын ялаар шийтгэж байжээ.
Харин 2020 онд БНСУ-д өрнөсөн #MeToo хөдөлгөөний нөлөөгөөр Чхве Мал Жа энэ асуудлыг дахин сөхөж, давж заалдах хүсэлт гаргажээ. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч, түүнийг гэм буруугүй хэмээн үзэж, цагаатгалаа.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, тухайн үед Чхве Мал Жа өөрийн бие махбод, нэр төрийг хамгаалахын тулд хууль ёсны дагуу арга хэмжээ авч, өөрийгөө хамгаалсан гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа олон зуун хүн шүүхийн байрны гадна “Чхве Мал Жа чадлаа” хэмээх уриа бүхий плакат барин цугларч, дэмжлэг үзүүлжээ.
Өдгөө 78 настай Чхве Мал Жа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг заавал дуусгахаар хатуу шийдсэн байсан. Над шиг хэлмэгдсэн маш олон эмэгтэйчүүдийн өмнөөс тэмцсэн. Цаашдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө хуулийн дагуу хамгаалж чаддаг болно гэж итгэж байна” хэмээн хэлсэн юм.