Өргөдөл гаргагчид Серби Улсын иргэд бөгөөд тэд гурван настай хүүтэй. 2017 онд тэднийг бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэн Хүүхэд хамгааллын нийгэмлэгээс хүү М-ийг түр асрамжийн гэр бүлд амьдруулахаар авч явжээ.
Ингэхдээ хүүхдийг удаан хугацаагаар төрсөн гэр бүлээс нь тусгаарлан, эцэг эхтэй нь тогтмол харилцах боломжийг хязгаарласан, эцэг эх байх эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа хэт удаан үргэлжилсэн зэрэг асуудал үүссэн тул хүүгийн эцэг, эх шүүхэд хандсан байна.
Европын Хүний Эрхийн Шүүхийн Танхимын 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр гаргасан шийдвэрээр эрх бүхий байгууллагууд нь Европын Хүний Эрхийн тухай конвенцын 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэв.
Шүүхийн дүгнэлтээр, төрийн зүгээс авсан арга хэмжээ нь гэр бүлийн харилцаанд хэт их хөндлөнгөөс оролцсон, хүүг эцэг эхтэй нь тогтмол уулзах, холбоо тогтоох боломжоос удаан хугацаагаар тусгаарласан зэргээр хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ.
Энэхүү шийдвэр нь төрийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор аливаа арга хэмжээ авахдаа тухайн гэр бүлийн эрх, хүүхдийн эрх, гэр бүлийн аюулгүй байдлыг харгалзан үзэж, эдгээрийн хооронд зохистой тэнцвэрийг ханган шийдвэр гаргах шаардлагатайг сануулж байна.