Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Хоёрдугаар сарын 18-наас хойш халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол одоо эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор эм, тарианы тасалдал байхгүй. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүст ор хангалттай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй хүмүүст зөвлөгөө өгч, гэрээр нь эмчлүүлж байгаа.
Ингэхдээ тэдний овог нэр, регистрийн дугаарыг нь авч, Нийслэлийн эрүүл мэндийн газарт мэдээлж байгаа тул өрхийн эмнэлгүүдэд мэдээллийг авч, тэдгээр хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.
Улаанбурхан өвчний эсрэг товлолт вакциныг 9 сар болон 2 настай хийдэг. Харин Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу вакцины нас нь болоогүй ч 6-8 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд буй. Энэ нь дэгдэлтийн үед авч буй хариу арга хэмжээ” гэлээ.