ХБНГУ-ын Баден-Вюртембергийн мөрдөн байцаах газар, Холбооны Эрүүгийн цагдаагийн газар болон Карлсруэ хотын прокурорын газар хамтран нийт 800 орчим хууль бус вэб сайтыг илрүүлэн хаасан байна.
Эдгээр сайт нь иргэдийг "Мөнгө хож, хожсон мөнгөө ав" зэрэг хуурамч амлалтаар төөрөгдүүлж, онлайн залилангийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хохирогч мөнгө шилжүүлсний дараа тухайн сайт болон холбоо барих боломжууд бүрэн хаагддаг байна.
2024 оны Баден-Вюртембергийн аюулгүй байдлын тайланд дурдсанаар ийнхүү цахим залилангийн тохиолдол өмнөх оноос 413 хувиар өсч, нийт 1036 болсон байна. Мөн эдгээр гэмт хэргийн дийлэнх нь гадаад улсаас үйлдэгдсэн нь бүртгэгдсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
Тайланд дурдсанаар энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд интернэт платформуудын өргөн хүртээмж, хохирогчдын амархан, хурдан аргаар их хэмжээний ашиг олох гэсэн найдвар, мөн тэдний итгэмтгий зан, мэдээллийн талаарх мэдлэг дутмаг байдал зэрэг багтсан аж.