2025 оны тавдугаар сард Германы Хаммын Дээд шүүх (Oberlandesgericht Hamm-OLG Hamm) Перу улсын фермер Сауль Лиуягийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь дэлхий дахинд анхаарал татаж, түүхэнд бичигдэх шийдвэр боллоо.
Сауль Лиуяг (Saúl Luciano Lliuya) Перу улсын Андын нуруунд орших мөсөн голын ойролцоо амьдардаг бөгөөд мөсөн голын хайлалт нь аюултай түвшинд хүрч, ойрын жилүүдэд түүний гэр үерт автах эрсдэлтэй байгааг онцлон, дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй RWE AG (Германы эрчим хүчний томоохон компани) хариуцлага хүлээх ёстой хэмээн гомдол гаргажээ.
Германы Хаммын Дээд шүүхээс дээрх гомдлыг шийдвэрлэхдээ, хүлэмжийн хий ялгаруулдаг компаниуд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөн тохиолдолд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.
Гэхдээ Лиуягийн гэрийн ойролцоох хэсэгт мөсөн голын хайлалт нь яг одоо шууд, ноцтой аюул үүсгэж буйг нотлох хангалттай үндэслэл байхгүй гэв.
Энэхүү шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөн томоохон компаниудын хариуцлагыг тодорхойлсон анхны шийдвэрүүдийн нэг болж байна. Үүний зэрэгцээ дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй хүмүүсийн эрхийг хамгаалах, хариуцлагыг тогтоох асуудалд олон улсын шүүх чухал ач холбогдолтой шийдвэр гаргасныг олон нийт онцолж байна.