Өнгөрөгч оны 12-р сард хэрэгжиж эхлэх байсан “Хижаб ба ариун журмын тухай хууль” хойшлогдоод зогсохгүй шинэчлэгдэхэд хүрээд байна.
Тус хуулийн талаар Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нийгэмд сөрөг үр дагавар авчирч болзошгүйг онцлон, хуулийн зарим заалтыг дахин боловсруулж, шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Энэхүү шинэ хуулиар охид, бүсгүйчүүдийн хувцаслалтыг улам бүр хязгаарлаж, чангатгахаар заасан бөгөөд хижаб өмсөхөөс татгалзсан, түүнийг эсэргүүцсэн хүнийг их хэмжээний мөнгөн дүнгээр торгож, 15 жилээр хорих ял ногдуулах зэрэг заалт багтаад байсан юм.
“Хижаб ба ариун журмын тухай хууль” 2024 оноос хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөөд байсан ч 2022 онд хувцаслалттай холбоотойгоор баривчлагдаж, амиа алдсан Амини хэмээх бүсгүйн хэргээс улбаатай эсэргүүцлийн жагсаал гарч, 300 гаруй олны танил алдартнууд эсэргүүцлийн нэгдсэн захидлыг нийтэлсэн нь үр дүнд хүрч, хуулийн хэрэгжилтийг хойшлуулж чадсан.
Гэвч хуулийн хэрэгжилт хойшлогдон, шинэчлэгдэх болсон ч Иран улс эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд "Nazer" гэх гар утасны аппликейшнээр иргэдийг хижабын дүрмийг зөрчсөн эмэгтэйчүүдийг мэдээлэхийг уриалж, дрон ашиглан эмэгтэйчүүдийн хувцаслалтад хяналт тавьсаар байна.