Хятадын инженерүүд хиймэл оюун ухаан, автоматжуулсан технологийг ашиглан 158 км урт хурдны замыг хүний оролцоогүйгээр тавьсан талаар цахим орчинд онцолж байна.
2024 оны 10 дугаар сард багтаан Хятадын инженерүүд Бээжин-Хонконг-Макао хурдны замын 157.79 км урт хэсгийг бүрэн автоматжуулсан машин, дрон, хиймэл оюун ухааны тусламжтайгаар тавьжээ.
Тус төсөлд ашиглагдсан Sany компанийн SAP200C-10 гэх мэт өргөн царигтай асфальт дэвсэгч машин, 13 болон 30 тонны жинтэй автомат бул машинуудыг өндөр нарийвчлалтай байршил тогтоох систем, хиймэл оюун ухаан дээр суурилсан алгоритмуудаар тоногложээ.
Төслийн явцад дронуудыг газрын гадаргын хэмжилт, хяналтад ашигласан бөгөөд бүх үйл ажиллагаа нь хүний шууд оролцоогүйгээр, алсын зайнаас хянаж байжээ.
Ингэснээр хөдөлмөрийн зардлыг бууруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон давуу талтайг харуулсан байна.
Мөн зам барилгын салбарт хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг үр дүнтэй ашиглах боломжийг харуулж, дэлхий дахинд шинэ жишиг тогтоож байгаа юм.