Монгол Улсад жил бүр ойролцоогоор 4 300 хүн тамхины хэрэглээний улмаас нас бардаг.
Үүнтэй тэмцэхийн тулд Засгийн газар “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж тамхины эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна.
Янжуур тамхинаас гадна электрон тамхи буюу вэйп нь, ялангуяа залуучуудын дунд эрчимтэй тархаж буй нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюул болоод байна.
Электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хортой төдийгүй энэ нь тамхинаас гарах арга биш юм. Электрон тамхи нь никотин болон хүнд металл, хорт хавдар үүсгэгч бодисууд, хүний биед хортой амт оруулагч зэрэг олон хорт бодис агуулдаг. Никотингүй гэж зарласан бүтээгдэхүүнүүдэд ч никотин агуулж байгааг судалгаагаар тогтоожээ.
Эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд, залуус руу чиглэсэн маркетинг, чихрийн амт, ганган дизайн, тоглоомчилсон урамшуулал, нөлөөлөгчдийг/ инфлюнсерүүдийг ашиглан нийгмийн сүлжээнд хүч түрэн сурталчилж байна. Үүний үр дүнд электрон тамхи нь "зугаатай, аюулгүй" гэсэн буруу ташаа ойлголтыг тарааж, эрүүл мэндийн ноцтой аюулыг нь нуун дарагдуулж байна.
Электрон тамхи хүний эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй:
Өсвөр насныхны тархины хөгжлийг сааруулж, сэтгэл түгших, суралцахад бэрхшээлтэй болгох эрсдэл нэмэгдүүлдэг.
Никотинд донтох хамаарлыг бий болгож, насан туршийн хорт зуршилд донтоход хүргэдэг.
Уушги болон зүрх судасны тогтолцоонд хортой нөлөөтэй.
Залуусын дунд уламжлалт тамхи татах донтолтыг 3 дахин нэмэгдүүлдэг.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтарсан судалгааны үр дүн:
Судалгаанд оролцсон хүүхэд залуусын ойролцоогоор 60% нь электрон тамхи хэрэглэж үзсэн.
3 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи тогтмол хэрэглэж байна.
Тогтмол хэрэглэгчдийн 5 хүн тутмын 1 нь өдөрт 10 ба түүнээс дээш удаа татдаг буюу донтолтын шат руу орсон.
2024 онд электрон тамхины импорт огцом өсч, нийт тамхины импортийн бараг 25%-ийг дангаар эзэлжээ.
Эдгээр ноцтой мэдээллийг 2025 оны тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалтаар танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, хамтрагч байгууллагууд, мэргэжлийн шинжээчид оролцсон ба тус хурлаар шинжлэх ухааны нотолгоог танилцуулах, бодлогын арга хэмжээ яаралтай авах, зөвлөмж хүргүүлэх, хүүхэд, залуусыг хамгаалах эрчимтэй, үр дүнтэй зохицуулалтыг бий болгоход нэгдмэл байр суурьт хүрсэн.
Одоогоор Монгол Улсад электрон тамхийг хамруулсан нэгдсэн зохицуулалт байхгүй. Үүнийг уламжлалт тамхины нэгэн адил хатуу хяналт, хүүхэд залуучууд, бүх нийтийг хамарсан хориглох бодлогоор зохицуулах шаардлагатай байна.
Бодлогын арга хэмжээ яаралтай авахгүй бол электрон тамхины хэрэглээ Монголын хүүхэд, залуу үеийн дунд гүнзгий нэвтэрч, олон мянган хүнийг насан туршийн донтолт, эрүүл мэндийн ноцтой эрсдэлд хүргэх аюул нүүрлээд байна.



