МЭЕГ-ын даргын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Матад, Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо сумдад, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаагаар ахлуулсан ажлын хэсэг Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Булган сумдад хэрэгжиж буй дархлаажуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, тарилгын технологи, зааврын мөрдөлт, вакцины хүйтэн хэлхээ, МЭНС-ийн гүйцэтгэл зэрэгтэй танилцаж, заавар зөвлөмж өгч хяналт хийлээ.
Дорнод аймгийн хувьд 12 суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 439964 толгой мал хамрагдаж 87 хувьтай, 5 суманд хийгдэж буй үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад нийт 107909 толгой үхэр хамрагдаж 89 хувьтай, Чулуунхороот, Чойбалсан сумдад шүлхийн дархлаажуулалт 2025 оны тавдугаар сарын 14-өөс эхэллээ.
Хяналтаар сум дамжин отор нүүдэл хийж, 1 иргэний 900 гаруй толгой үхрийг 2024 оны жилийн эцсийн мал тооллого болон мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээнд малаа хамруулаагүйг тогтоож, мал эмнэлгийн үзлэг, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар харьяа мал эмнэлгийн байгууллагад шилжүүллээ.
Ажлын хэсгүүд малын эмч, мэргэжилтнүүд болон малчид, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж мал эмнэлгийн ажил үйлчилгээний гүйцэтгэлд засаг захиргааны байгууллагын үүрэг оролцоо, мал эмнэлгийн нэгжүүдийг орон нутгаас дэмжин ажиллах асуудлаар санал солилцлоо.
Мөн малчдад малаа бэлэн байлгах, барьж бэхлэн малын эмчид туслалцаа үзүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээнд мал, сүргээ бүрэн хамруулах талаар хууль тогтоомжийг сурталчлан таниулж ажиллалаа.
Мал эмнэлгийн арга хэмжээнд хамрагдахгүй, мал эмнэлгийн гэрчилгээгүйгээр сум дамжин отор, нүүдэл хийдэг, олон тооны малыг бүртгэл, мэдээлэлгүй, малын сэг зэм, элдэв хог хаягдал үүсгэн орхидог зэрэг зарим малчдын үүрэг, хариуцлага хангалтгүй байгаа талаар орон нутгийн удирдлагуудад танилцуулан цаашид холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдэгдлээ.