Дональд Трамп болон Эрик Трамп нарын хамтран байгуулсан биткойн олборлогч “American Bitcoin” компани хөрөнгийн зах зээлд гарч, Nasdaq-д бүртгэлтэй "Gryphon Digital Mining" компанитай нэгдэх болсноо зарлалаа.
Нэгдэх ажиллагааг 2025 оны гуравдугаар улиралд дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд шинэ компанийн 98 хувийг одоогийн хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн дунд Эрик болон Дональд Трамп нар эзэмших юм байна.
Тус нэгдэх ажиллагаа нь Трампын гэр бүлийн хурдтай тэлж буй крипто бизнесийн дараагийн том алхам болж байна.
Тэд өмнө нь $TRUMP койн хэмээх шүүмжлэл дагуулсан төслийг эхлүүлж, уг койны топ эзэмшигчдэд Ерөнхийлөгч Дональд Трамптай оройн зоог барих урамшуулал санал болгож байв.
Эрик Трамп “АНУ саран дээр хүн буулгасан. Одоо бид крипто уралдаанд ч ялалт байгуулах ёстой” гэж онцолжээ.
Тэрбээр энэхүү үйл ажиллагаа нь эцгийнхээ засаг захиргаатай холбоогүй хэмээн тайлбарласан ч, АНУ-ыг крипто салбарын тэргүүлэгч улс болгох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнө нь Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн АНУ-д олборлогдсон биткойныг дэмжих бодлого баримтлахаа илэрхийлж, “Ирээдүйн бүх биткойн Америкийн хөрсөн дээр олборлогдох ёстой” гэж мэдэгдэж байсан юм.
Тэрбээр энэ хүрээнд Жо Байдены засаг захиргааны хүрээлэн буй орчны хязгаарлалтыг сулруулж, газрын тосны олборлолтыг дэмжсэн нь крипто олборлогчдод таатай байгаа ч, уур амьсгалын эрсдэлийн талаарх шүүмжлэлийг мөн дагуулж байна.
Ингэснээр "Gryphon Digital Mining"-ийн хувьцаа 300 хувь, Hut 8-ийн хувьцаа 10 хувиар өсжээ. Тус компани нь “American Bitcoin”-ийг салгаж, эрчим хүч, хиймэл оюун ухааны дэд бүтцийн платформ болгон өргөжүүлж байгаа юм.