Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
Ийнхүү “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 14-нд Архангай аймагт, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт амжилттай зохион байгуулсан билээ.
“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.
Хуралдаанд: Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төдийлөн үр нөлөөгүй өгч чадаагүй тул Бүсчилсэн хөгжлийн бодлогыг судалгаа, шинэжилгээний үндсэн дээр шинэчлэн боловсруулж, 2024 оны Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.
2024 оны 64 дүгээр тогтоолоор шинэчлэгдсэн, шинэ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Говийн бүсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.
Шинэчилсэн “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д олон улсын бүсчилж хөгжүүлэх бодлогоос судалж, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загварууд тусгагдан боловсруулагдсанаар 2024 оноос бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт цоо шинэ шатанд яригдах боллоо.
Говийн бүс: Нийт хүн амын 6.0 хувь говийн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9%-ийг үйлдвэрлэл, 33.8%-ийг үйлчилгээ, 12.3%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 4404, дундаж цалин 1.9 сая.төг бөгөөд нийт малын тоо 8.4 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
- Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
- Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
- Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
- Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
- Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
- Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.



