
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэн, тус улсын FLSmidth компанийн гүйцэтгэх захирал Микко Кэто нартай уулзаж, хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар товч танилцуулаад салбар яамны зүгээс олборлолтоос боловсруулалтын түвшинд ахиулан хөгжүүлэх, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлох бус нэмүү өртөг шингээж үйлдвэрлэх, энэ чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж ажиллахыг тэмдэглэв.
Мөн уул уурхайн компаниудад орчин үеийн, дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник, технолог нэвтрүүлэх, эрдэс баялгийн боловсруулалт өндөр хөгжсөн бусад орны төрийн болон хувийн хэвшил хооронд харилцан мэдээлэл солилцох, эдийн засгийн үр өгөөжтэй, тооцоо судалгаатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.
FLSmidth компани нь ашигт малтмалын боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Монгол Улсын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу толгой ХХК-тай баяжуулалтын технологи болон тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.