Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-04-25
Европын Холбоо "Apple" болон "Meta"-д 700 сая еврогийн торгууль ногдууллаа

Европын Холбооны технологийн компаниудад хяналт тавих журам зөрчсөн хэмээн үзэж "Apple" болон "Meta"-д их хэмжээний торгууль оноолоо.

"Apple" компани 500 сая евро буюу ойролцоогоор 570 сая ам.долларын торгууль хүлээж байгаа бол "Meta"-д 200 сая еврогийн шийтгэл ногдуулсан талаар Европын Комисс мэдээлжээ.

Комиссын мэдэгдэлд дурдсанаар, "Apple" нь App Store дээрх хөгжүүлэгчдийг өөр суваг руу чиглүүлэх, худалдаа хийх боломж олгох үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.

“Apple-ын тавьсан хэд хэдэн хязгаарлалтаас үүдэн хөгжүүлэгчид App Store-оос гаднах борлуулалтын сувгуудын давуу талыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа бол хэрэглэгчид ч хямд, өөр хувилбаруудаас мэдээлэл авч чадахгүй байна” хэмээн Европын Комисс мэдэгдсэн байна.

"Meta" компанийн тухайд "Facebook" болон "Instagram" хэрэглэгчдэд хувийн мэдээлэл дээр суурилсан зар сурталчилгаанд зөвшөөрөл өгөх эсвэл заргүй хувилбарыг сар бүр төлбөр төлөн ашиглах сонголт өгдөг. Гэвч Комиссийн үзэж буйгаар, энэ нь Европын хэрэглэгчдийг нээлттэй, тэгш сонгох боломжоор хангаагүй гэжээ.

Европын Комиссоос "Apple" болон "Meta" компанид хууль зөрчихөө зогсоох албан мэдэгдэл (cease-and-desist order) гаргаж, хоёр компанийг 2022 онд батлагдсан Digital Markets Act (Дижитал Зах зээлийн тухай хууль)-ыг зөрчсөн гэж дүгнэжээ. 

Тус хууль нь технологийн том компаниудын давамгай байдалд хязгаар тогтоох, өрсөлдөөн багатай зах зээлд жижиг тоглогчдыг дэмжих зорилготой юм.

Хуульд зааснаар торгуулийн дээд хэмжээ нь тухайн компанийн жилийн орлогын 10 хувьд хүрч болзошгүй ч, энэ удаагийн шийтгэл харьцангуй бага байв.

"Apple" энэ шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэж, Европын Комиссийн шийдвэр нь шударга бус бөгөөд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, компанийн технологийг үнэ төлбөргүй ашиглуулахыг шаардаж байна гэж мэдэгджээ.

"Meta" компани уг шийтгэлийг Америкийн компаниудад чиглэсэн геополитикийн зэмлэл хэмээн дүгнэж, өмнөх долоо хоногт шийдвэрийг хойшлуулсан нь АНУ болон ЕХ-ны худалдааны хэлэлцээтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.

"Wall Street Journal"-ийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг анх 4-р сарын 15-нд зарлахаар төлөвлөж байсан ч, тухайн өдөр ЕХ-ны Худалдааны комиссар Марош Шефчович АНУ-ын албан тушаалтнуудтай уулзаж, дараа нь Дональд Трамп болон Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нарын уулзалт болохоос өмнө хойшлогдсон байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ