Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-11-06
ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, мэс засал эмчилгээ болон эмч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой юм.

Амбулаторийн хамтарсан үзлэгт 0-18 насны нийт 10 хүүхэд хамрагдсан бөгөөд тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэллээ.

Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулсан байна. 

Арга хэмжээний үеэр хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Үүнд:
▪️ Төрөлхийн 2 талын доод мөчдийн эпифизиодисплази  согог,
▪️ Төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай  хоёр талыг хамарсан  hallux valgus, 
▪️ Төрөлхийн  хүнд хэлбэрийн хавтгай тавхай, 
▪️ Төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэрэг багтсан юм. 

Хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, тохиолдлын хэлэлцүүлэг хийлээ.

Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх болон мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдааг сайжруулахад өндөр ач холбогдолтой ажил болсон юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ