Цаг агаар
Валютын ханш
Улс төр
1 цаг 0 мин
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалт боллоо

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ үг хэлж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 24 дэх жилдээ мөрдөгдөж байгаа бөгөөд нийт 38 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч дийлэнх нь бусад хууль тогтоомжийг дагаж батлагдсан өөрчлөлт болохыг тэмдэглэв.

Тэрээр хэлсэн үгэндээ иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл чухал ач холбогдолтойг, тус хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага нэгэнт бий болсон гэдгийг онцлон, олон улсын сайн туршлага, эрх зүйн хөгжлийн чиг хандлагад үндэслэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шүүгч, хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн, судлаачдын санал, практик туршлага, оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтад оролцсон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуулийн зохицуулалтыг зүй бусаар ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар удаашруулах боломжтой хуулийн зохицуулалттай байгаа нь практикт тулгамдаж байгаа асуудал болохыг онцолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна холбогдох бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төлбөрийн чадваргүйдэл, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг цогцоор нь харилцан уялдаатай шинэчлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах дэд бүтэц болох хаягжилт үнэн зөв байх, хуулийн этгээдийн бүртгэлийг цэгцлэх шаардлагатай талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүхээр шийдвэрлэгдэж буй иргэний хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхээс өмнө хариуцагч эсэргүүцээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлдэг байх шинэлэг зохицуулалтыг судлан ажиллаж байгаа бөгөөд шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт туйлын хангалтгүй байгаа тул тус яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг багцлан боловсруулж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас эдгээр хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсоны дагуу тов тогтоолгохоор Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн.

Мөн ХЗДХЯ-наас боловсруулсан Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хаяг тодорхойгүй байдлаас шалтгаалан ажиллагаа саатах, төлбөрийн чадваргүй, хаяг тодорхойгүй төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд олон байгаагаас шүүхийн шийдвэр биелэх боломжгүйд хүрдэг тул төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь цогц шинэтгэлийн чухал хэсэг болно.

Уулзалтад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оюуны-Инноваци ТББ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл, шүүгч, арбитрч, хуульч, өмгөөлөгч, багш, судлаачид оролцлоо.

Уулзалтын төгсгөлд хэлэлцсэн асуудалд үндэслэн хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөмж боловсруулахаар тогтов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ