Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
9 цаг 51 мин
Зочлох үйлчилгээний салбарынхан хотын албан татварыг 1 хувь болгохыг уриаллаа

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, зочлох үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод хамтран хотын албан татварын хувь хэмжээг 2 хувиас 1 хувь болгон бууруулах санал, уриалга гаргалаа.

Салбарын мэргэжлийн холбоодын мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд хоол үйлчилгээний бизнесийн 25 хувь, амралт, жуулчны баазын 20 хувь нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөлд хүрээд байна. Тус салбар нь шууд болон шууд бус байдлаар 83 мянга орчим ажлын байр бий болгож байна.

Иймд 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хотын албан татварыг 1 хувь болгон бууруулах, мөн татварын орлогыг нийтийн ариун цэвэр, үйлчилгээний хүртээмж, гэрэлтүүлэг, жуулчны мэдээлэл, аялал жуулчлалын сурталчилгаа, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарын хөгжилд хэрхэн зарцуулахыг тодорхой болгохыг НИТХ болон Нийслэлийн Засаг даргад уриаллаа.

Уулзалтад НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр, Нийслэлийн Татварын газрын дарга Х.Оюунцэцэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Р.Ундармаа болон нийслэлийн холбогдох байгууллагын удирдлага, зочлох үйлчилгээний салбарын холбоодын төлөөлөл оролцлоо.

Уриалгад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон бусад 9 салбарын холбоо нэгдсэн бөгөөд асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр хүлээн авч ажиллахаа НИТХ-ын дарга Д.Ихбаяр илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ