Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 2 мин
"Увс-2026" гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлага болж байна

Гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах хамгийн чухал хүчин зүйл бол урьдчилан бэлтгэгдсэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, харилцан уялдаа холбоо юм. 

Тиймээс байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, алба, мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аливаа гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах туршлага, мэдлэг, ур чадварыг дадлагажуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин Сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагыг энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна.

Сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн нийт 200 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлага нь бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг болон орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах танхимын болон тактикийн үзүүлэх сургалтыг байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн технологид суурилан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.

Мөн Монгол, АНУ-ын аврагч нар хамтран гал түймэр, хот дотор эрэн хайх, өндрөөс аврах, эмнэлгийн тусламж, химинй ослын ажиллагаа, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага сургуулийг хийж, харилцан туршлага солилцоно. 

Баруун бүс нь газар хөдлөлт, зуд, үер, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэлд өртөх эрсдэл өндөр. Түүнчлэн алслагдсан байршил, хүн амын суурьшил, дэд бүтцийн онцлогоос шалтгаалан гамшиг, осол, аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байгаа нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, улс орон, бүсийн түвшинд гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох бүх шатны чадварыг сайжруулах, бэлэн байдлыг хангах шаардлага тулгарч байна. 

Тиймээс Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий нийтийн бодлого, стратегийн чиг хандлага, сайн туршлага, ололт амжилтаас суралцаж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж байна. 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай улсад тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсээр байна. 

Сүүлийн 10 жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо өмнөх 10 жилийн дунджаас 32 хувиар, үүнээс уур амьсгалын гаралтай аюулт үзэгдэл даруй 2.9 дахин, гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо 36.7 хувиар, гэмтэж, бэртсэн хүний тоо 96.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс баруун бүсийн хэмжээнд 4205 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын 9.2 хувийг эзэлж байна.

Баруун бүс нь газар хөдлөлт, зуд, үер, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэлд өртөх эрсдэл өндөртэй. Түүнчлэн алслагдсан байршил, хүн амын суурьшил, дэд бүтцийн онцлогоос шалтгаалан тохиолдох  тоо, давтамж нэмэгдэж, эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэг юм. Тиймээс аймаг, орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, бүсийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх хамтын ажиллагааг уялдуулах арга тактик, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодотгол хийж, гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү дадлага сургуулийг зохион байгуулж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ