
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх оронч үзэл, үндэсний бахархал, иргэний үүрэг хариуцлагын талаарх мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор “Цэрэг-иргэний хамгаалалт” туршилтын хичээлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ.
Туршилтын хичээлийг улсын хэмжээнд 5 аймаг, 1 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг сонгон хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Хэнтий аймгаас Хан Хэнтий цогцолбор сургууль болон Хэрлэн сумын 5 дугаар сургууль сонгогджээ.
Дээрх сургуулиудын 11 дүгээр ангийн 90 гаруй суралцагчид 2026-2027 оны хичээлийн жилийн I, II улиралд “Цэрэг-иргэний хамгаалалт” туршилтын хичээлд хамрагдана.
Туршилтын хичээлийг хэрэгжүүлснээр суралцагчдын эх оронч үзэл, иргэний ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ гамшиг, осол болон болзошгүй эрсдэлийн үед зөв хариу арга хэмжээ авах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.