
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Ховд аймагт ажиллах үеэр тус аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ жилээс Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтран хугацаат цэргийн алба хаагчдыг орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр суралцуулж, цэргийн албыг залуусын ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, амьдралын гараатай холбосон “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны төгсөгчдөө хүлээн авч байна.
Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд Зэвсэгт хүчний 1000 орчим хугацаат цэргийн алба хаагч гагнуурчин, цахилгаанчин, барилгын засал чимэглэлчин, сантехникч зэрэг нийгэмд эрэлттэй 10 гаруй мэргэжлээр суралцаж, ажлын байранд гарах ур чадвар, чадамжийн гэрчилгээтэй болж байна.
Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежид Зэвсэгт хүчний 75 хугацаат цэргийн алба хаагч гагнуурчин, сантехникч, барилгын засал чимэглэлчин, барилгын өрөг угсрагч, ойжуулагч зэрэг мэргэжлээр суралцсан бөгөөд өнөөдөр тэдний төлөөлөл чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа.
Ингэснээр залуус цэргийн алба хаах хугацаандаа зөвхөн цэргийн эрдэм, сахилга хариуцлага, эх оронч хүмүүжил эзэмшихээс гадна цэргээс халагдсан даруйдаа хөдөлмөрийн зах зээлд шууд ажиллах боломжтой мэргэжил, ур чадвартай болж байгаа нь хөтөлбөрийн хамгийн чухал үр дүн юм.
Нөгөө талаас, хугацаат цэргийн алба хаагчдыг тухайн орон нутагт хамгийн их хэрэгцээтэй байгаа мэргэжлээр бэлтгэж байгаа нь тухайн цэргийнхээ ирээдүйг дэмжихээс гадна орон нутгийн ажиллах хүчний хомсдолыг бууруулах, мэргэжилтэй боловсон хүчнийг нутагтаа тогтвортой ажиллуулахад бодит дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт ач холбогдолтой.
“Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрийг цаашид орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж, илүү олон хугацаат цэргийн алба хаагчийг мэргэжилтэй, ажилтай, орлоготой иргэн болж цэргийн албаа нэр төртэй хаагаад нутагтаа буцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.