
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд зочилж, “Цэрэг-эх оронч хүмүүжил-Цэрэгжилтийн хичээл”-ийг туршилтын журмаар хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа.
Батлан хамгаалах яам, Боловсролын яам хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, зөв төлөвшил, сахилга хариуцлага, цэргийн болон иргэний хамгаалалтын анхан шатны мэдлэг, чадвар олгох зорилгоор Цэрэгжилтийн хичээлийг шинэчилсэн агуулгаар сэргээхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс нийслэл болон орон нутгийн нийт таван сургуульд уг хичээлийг туршилтын журмаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Завхан аймгаас Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль сонгогдоод байна.
Шинэчилсэн Цэрэгжилтийн хичээл нь зөвхөн цэргийн анхан шатны мэдлэг олгохоор хязгаарлагдахгүй. Сурагчдад Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо үнэ цэнийг ойлгуулах, үндэсний түүх, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ сахилга хариуцлага, багаар ажиллах чадвар, гамшиг ослын үеийн бэлэн байдал, иргэний хамгаалалт, өөрийгөө болон өрөөл бусдыг авран хамгаалах суурь мэдлэг, дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Мөн хүүхэд, залуусын дунд “хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг бус, хамгаалдаг байх” хандлага, хамт олонч үзэл, харилцан хүндлэл, хариуцлагыг төлөвшүүлж, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах нь хичээлийн гол зорилгын нэг байх юм.
Батлан хамгаалах салбарын зүгээс эх оронч, зөв төлөвшилтэй иргэнийг зөвхөн хугацаат цэргийн албанд татагдсаны дараа бэлтгэх бус, хүүхэд наснаас нь эхлэн төрийн цогц бодлогоор төлөвшүүлэх шаардлагатай гэж үзэж буй учир тус хичээлийг цаашид бүх боловсролын байгууллагад оруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд боловсролын бүх шатанд эх оронч хүмүүжлийн агуулгыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан үе шаттайгаар тусгахаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал, цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон” сэдвээр эх оронч хүмүүжлийн суурийг тавих, бага боловсролд хүндлэхүйн ухаан, ёс зүй, үнэт зүйлийн агуулгыг нэмэгдүүлэх, суурь боловсролд Монгол цэргийн түүхийг таниулах, ахлах ангид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын чиг үүргийг ойлгуулах, улмаар “Цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэл” буюу Цэрэгжилтийн хичээлийг шинэ стандарт, шинэ агуулгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.
Сурагчидтай уулзах үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Эх орондоо хайртай байгаарай. Эх орноо хайрлах хайр нь түүх, соёл, ёс заншлаа мэддэг, эцэг эх, багш нараа хүндэлдэг, байгаль дэлхийгээ хамгаалдаг, бусдын өмнө хариуцлагатай иргэн байхаас эхэлдэг” хэмээн захиж, Монгол төрийн далбааг дурсгал болгон гардууллаа.
Мөн Цэрэгжилтийн хичээлийг орон нутагтаа туршилтын журмаар хэрэгжүүлэх ажлыг дэмжин, бэлтгэл ханган ажиллаж буй Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлага, боловсролын байгууллагын удирдлага, багш, хамт олонд талархал илэрхийллээ.
