
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Монгол улсын төрийн тэргүүн өнөөдөр Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзахаас гадна Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах юм. Харин дараа нь Бишкект болж буй Дэлхийн нүүдэлчдийн 6-р наадамд оролцох хуваарь гарчээ. Маргааш буюу 9-р сарын 1-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно. Уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай уулзана. Энэ удаагийн хөрш орнуудын төрийн тэргүүн нартай хийх уулзалт нь 2 талыг хамарсан гэдгээрээ онцлогтой.
Энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын өргөтгөсөн хуралдаанаар ШХАБ-ын 25 жилийн хугацаанд хийсэн ажлууд, цаашид тус байгууллагын гишүүн орнууд нэгдэж 2026-2035 онд 10 жилийн шахуу төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар хуралдах юм. Өөрөөр хэлбэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үндсэн гишүүн болох Оросын холбооны улс, Иран улс дайны байдалтай байгаа энэ үед 2026-2035 онд арван жилийн шахуу төлөвлөгөөг гишүүн орнууд хэрэгжүүлэх чиглэлээр хуралдах аж.

ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг.
Гишүүн орнууд ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна. ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй. Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.
Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ.
27 улсыг хамардаг ШХАБ нь өдгөө:
- Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах,
- Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
- Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.