АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын тэргүүн Жон Рэтклифф мягмар гарагт ОХУ-д гэнэтийн айлчлал хийсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Тэрбээр ОХУ-д айлчлах талаарх мэдээлэл өмнө нь гараагүй бөгөөд түүний онгоц 08 дугаар сарын 25-ны өдөр Москва хотын Внуково нисэх буудалд газардан, хэдхэн цагийн дараа эргэн ниссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн Жон Рэтклифф ОХУ-д ийнхүү гэнэтийн айлчлал хийсэн нь Ерөнхийлөгч Владимир Путины төлөвлөгөөний талаарх тагнуулын мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй гэж The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Өмнө нь, ОХУ-ын Батлан хамгаалах яам Калининград мужид дайчилгаанд бэлтгэх зорилгоор цэргийн сургуулилалт хийсэн талаарх барууны орнуудын тагнуулын мэдээлэл гарсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “НАТО-ийн эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй” гэж тагнуулын мэдээллийг АНУ авсан гэж WSJ мэдээлжээ.
Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн Жон Рэтклифф айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байж болзошгүй аж. Тухайн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь төлөвлөөд байсан арга хэмжээнүүдийг гэнэт цуцалсан гэж Оросын зарим хэвлэл мэдээлжээ.
Жон Рэтклифф Москвад ийнхүү гэнэт айлчилсан нь АНУ-ын анхааруулгыг дуулгах зорилготой байсан гэж зарим шинжээчид үзэж байгаа бол Украины хэвлэлүүд айлчлалын зорилго нь Орос, Украин эрчим хүч, боомтод харилцан цохилт өгөхгүй байх асуудлыг хэлэлцэхтэй холбоотой байсан байж болзошгүй гэж мэдээлж байна.
Тагнуулын ерөнхий газрын тэргүүн Жон Рэтклиффийн онгоц Москвагийн цагаар 18:50 цагт Внуково нисэх буудлас хөөрч, Латви улсыг чиглэн нисжээ.
Flightradar сайтын мэдээллээр, Жон Рэтклиффийн онгоцны араас “Россия” онгоц хөөрсөн бөгөөд энэ онгоцыг ОХУ-ын өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэхэд ашигладаг гэж Коммерсант онцолсон байна.
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын тэргүүн Жон Рэтклиффийн айлчлалын зорилгын талаар АНУ болон ОХУ одоогоор албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.