Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-08-20
“Сэлбэ таван шатлалт усан сан” төслийн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх талаар дахин судалж, танилцуулна

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүд газрын гэрчилгээгүй тул чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа аж. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Энэ ажлын нөлөөлөлд нийт 39 нэгж талбар өртсөнөөс нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар найман нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд хоёр нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлж, 29 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Үерийн барилга байгууламжийн нөлөөлөлд өртөөгүй боловч орц, гарц хаагдах эрсдэлтэй 24 нэгж талбар, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 51 айл байгаа бөгөөд газар дээрээ олон жил амьдарсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас албадан чөлөөлөх ажил хүндрэлтэй байна” гэв.

Ингээд зөвлөлийн гишүүд санал хэлж, төслийн трассд өөрчлөлт оруулалгүйгээр газрыг чөлөөлөх боломжийн талаар дахин судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын дараагийн төлөвлөгөөний талаар нийслэлчүүдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Тухайлбал, амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чигрэгдэлгүй байх болно. Ингэснээр хувийн хэвшлүүд ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө тооцоолно. Энэ намар ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа танилцуулна” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ