Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-08-19
“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар санал солилцов

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байсан “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар санал солилцлоо.

Эргэн сануулахад, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвийн дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импортын банк хооронд 2018 онд зээлийн гэрээ байгуулсан билээ.

Төслийн барилга угсралтын Багц-1 (Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай), Багц-2 (Дундговь, Төв), Багц-3 (Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий)-ын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээ байгуулсан юм. Гэвч тус компани 2025 онд дампуурлаа зарласан тул дээрх төслийн барилга угсралтын ажил түр зогссон. Иймээс Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2026 оны долоодугаар сарын 01-ний өдрийн “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 291 дүгээр тогтоол баталсан.

Тогтоолын хүрээнд Эрчим хүчний яамнаас 10 аймгийн төвийн дулааны станцын зураг төслийг шинэчилсэн төсвийн хүрээнд магадлалаар баталгаажуулан 2027 төсвийн төслийн саналд тусган Сангийн яаманд хүргүүлээд байна. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс БНСУ-ын Экспорт-Импортын банктай хэлэлцээ хийн, зээлийн гэрээг эцэслэн шийдвэрлэх юм.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлж чадаагүйд уучлал хүсээд, “Төслийг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дуусгах шийдвэрт бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Цаашид холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарна. Монголын талтай хамтарч ажиллахад хэзээд нээлттэй” гэлээ.

Сайд Б.Найдалаа “Манай яамнаас барилга байгууламжийг хүлээж авах ажлын хэсэг томилсон. Дулааны станцуудыг богино хугацаанд ашиглалтад оруулж, амжилттай дуусгахад анхаарна. Уг төслөөс болж хамтын ажиллагаагаа удаашруулалгүй, илүү том төсөл хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй” хэмээв. Энэ талаар Элчин сайд Чой Жин Вон эрчим хүчний салбартай холбоотой аливаа асуудлаар нээлттэй хандах боломжтой, тухайлбал, БНСУ цөмийн эрчим хүчний чиглэлээр туршлагатай түнш болох боломжтой орон, цаашид алдаагаа давтахгүйг хичээнэ гэв.

Монгол Улсын хувьд цөмийн эрчим хүч ашиглах талаар стратегидаа тусгаад буй бөгөөд одооноос судалгаа хийн, чадавх бүрдүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн БНСУ-ын хувийн хэвшлийн компаниудтай хог хаягдлыг ашиглах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа хэлэв.

Үүнээс гадна эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, инженер солилцох, хүний нөөц бэлтгэхэд ойрын хугацаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн судалгааны институцийг бэхжүүлэх тухайлбал, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнг чадавхжуулахад дэмжихийг хүсэхэд Элчин сайд Чой Жин Вон үүнд анхаарч, судална гэв. Эрчим хүчний яамны зүгээс гадаадын улс орнуудын холбогдох байгууллагуудтай хамтран Монголын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ