Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-08-18
Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан өчигдөр болсон. 

Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна.

Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.

Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.

Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг сануулав.

Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа.

Шуурхай штабаас ШТС-ууд 24 цагаар тасралтгүй ажиллах, олон хошуугаар зэрэг олгох үүрэг өгсөн.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, АҮЭБЯ, АМГТГ-ын хяналтын байцаагчид болон Монополын эсрэг газрын байцаагчидтай хамтран өнгөрсөн шөнө 00:00–04:00 цагийн хооронд Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа.

ААН-д Шуурхай Штабын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Зарим ШТС-ууд шатахуунаа дуустал олгоод дараагийн орлого иртэл түр зогссон байдалтай байжээ. 
Мөн АИ92 дууссан гээд бусад төрлийн шатахуунаа түгээхгүй байгаа тохиолдлууд ч ганц нэг таарлаа. Тухай бүр чиглэл өгч ажиллуулсан гэж АҮЭБ-ын сайд Г.Дамдинням мэдэгдлээ. 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ